МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Мэдээ, мэдээлэл

Ц.ЭРДЭНЭБАТ: ЦААШДЫН ЗОРИЛТ МААНЬ ОЛОН УЛСЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ГҮЙЦЭТГЭХ

-Монголын барилгын салбарын анхдагч нэгдлийнхээ хувьд ҮББК нь салбарын хөгжилд тэргүүлэх байр сууринаас оролцож буй нь анзаарагддаг. Тиймээс ҮББК-ийн цаашдын хөгжлийн бодлого, чиглэлийн талаар сонирхмоор байна?

-Бид өөрсдөдтэйгөө ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг мэргэжлийн болоод ёс зүйн хувьд манлайлан ажиллах ёстой гэж үздэг. Тиймдээ ч гишүүн таван компаниа удирдлага, зохион байгуулалтын хувьд олон улсын төвшинд хүрч ажиллах бүрэн чадамжтай болоход онцгойлон анхаарч, улмаар компанийн засаглалын дээд түвшинд хүрч, гадаад зах зээлд гарч ажиллахыг зорьж байна. Үүний тулд орчин үеийн төслийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, мэргэшсэн боловсон хүчний ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэн, дэвшилтэт техник технологид суурилсан шинэ эрин үеийг барилгын салбарт бий болгохыг зорин удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байна. Бид төслийн удирдлагын шинэ хандлага, аргачлал, арга хэлбэрүүд бүхий олон улсын төвшинд нийцсэн “Төслийн удирдлагын нэгдсэн тогтолцоо”-г боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэн “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” төслүүдийг үлгэр жишээчээр хүлээлгэн өглөө шүү дээ. Энэ нь санаачлан зорьж байгаа ажил маань зөв болохыг баталж байна. Цаашдаа удирдлагын тогтолцооноос гадна барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд ашиглагдаж буй технологийн зааварчилгаа, хяналтын нэгдсэн тогтолцоог боловсруулаад зогсохгүй Хүний нөөцийг чадавхижуулан олон улсын төсөл хөтөлбөрүүдэд ажиллах чадамжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж, гүйцэтгэж
эхлээд байна.

-ҮББК-ийн зорилтууд нь олон улсын стандартыг Монголдоо нутагшуулах явдал уу эсвэл олон улсад гарч ажиллахад чиглэж байна уу?

-Хоёулаа л зайлшгүй хүрэх ёстой зорилтууд шүү дээ. Бид үндэсний болон олон улсын төвшинд хэрэгжих барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд манлайлан оролцогч, улс орны хөгжлийг тодорхойлогч төслүүдийг санаачлан хэрэгжүүлэгч, үндэсний хөрөнгө оруулагч компани болохоор тэмүүлж байна. Үүний хүрээнд ISO9001 болон OHSAS18001 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зайлшгүй
шаардлагатай. Тэгж байж стратегийн ач холбогдолтой томоохон МЕГА төслүүдийг бүтээн байгуулах болно. Тэгж байж л олон улсын зах зээлийн тухай ярих эрхтэй болно. Хөгжлийн энэхүү шаардлагыг мэдэрсэн болохоор бид байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, технологи, төслийн удирдлагын арга аргачлал, ноу-хауг тогтмол сайжруулан олон улсын төвшинд хүргэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Үндсэндээ бидний санаачлан хэрэгжүүлж байгаа ажил нь ҮББК-ийг үндэстэн дамнасан корпораци болох хэтийн зорилтод хүрэх шат болох юм.

-Та хөгжлийн зайлшгүй шаардлагын тухай дурдлаа. ҮББК-ийг ч мөн ийм шаардлагаар байгуулсан гэх юм билээ?

-Нийгмийн хэрэгцээ шаардлагаар байгуулагдсан гэхэд болно. ҮББК-ийг байгуулсан 2013 оны үед барилгын салбар гадны ажилчдаар дүүрсэн байлаа. Тухайн үед салбарт 75 мянган ажилчин байсан бол 50 орчим мянга нь гадных, монголчуудын ажилгүйдлийн төвшин өндөр байсан. Барилгад чанарын шаардлага хангаагүй материал хэрэглэдэг, түүнийгээ мөн л гаднаас оруулж ирдэг байлаа. Зөвхөн 2013 онд 126.4 тэрбум төгрөг барилгын материалын зардлыг дагаад гадагшаа урссан байдаг. Тэгээд нийтийн орон сууцны үнийн бодит өртгөөс хэтэрсэн хөөрдлийг санацгаая. Барилгын норм дүрэм, ХАБЭА-н стандарт хуучирсан, гүйцэтгэгч байгууллагууд нэгдсэн хүчгүй, хоорондоо өрсөлдөгч байсан тул томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх чадваргүй байсан шүү дээ. Зах зээлийн ийм гажуу тогтолцоог олж харж, гүйцэтгэгчид хүч, боломж, чадвараа нэгтгэх хэрэгтэйг ухамсарлан “Дельта Констракшн”, “БҮТИ”, “И Си Си”, “Улаанбаатар Барилга”, “Эрэлт Импэкс” гэсэн таван компани нэгдсэн юм. Монголын барилгын салбарт ийнхүү анхны нэгдэл байгуулагдсанаар гадагш урсах хөрөнгийн урсгалыг дотооддоо авч үлдэх, монгол ажилчид найдвартай ажлын байраар хангагдах, иргэд хямд чанартай орон сууцтай болох боломж бүрдсэн.

-ҮББК өнөөдөр үүргээ биелүүлж чадсан гэж үзэж байна уу?

-Миний хэлсэн зах зээлийн гажуу тогтолцоо гэдэг нь ердөө гуравхан жилийн өмнөх байдал. Тэгвэл өнөөдөр манай барилгын салбар ямар болсныг харцгаая. Барилгын гүйцэтгэгч байгууллагууд хоорондоо өрсөлдөх бус нэгэн зорилгын төлөө хамтдаа хөгжих, өөрсдөө хүчирхэг болж байж улс орондоо томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх учиртайг нийгэмд ойлгуулж чадлаа. Мэдээж энэ бүхэн ганц ҮББК-ийн хүч биш. Төр засгийн дэмжлэг, ард түмний хүсэл сонирхол, ижил үйл ажиллагаа явуулаг аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчээр ажил хэрэг болж байгаа. Бидэнд дахиад өөрчлөх, шинэчлэх, хийх ажил их байна. Бид байгуулагдсан цагаасаа хойш салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, хэрэгжүүлж буй төслүүддээ нэвтрүүлж ирлээ. Тухайлбал, төсөл хөтөлбөрүүддээ дан Монгол ажилчдыг хамруулах, эх орондоо үйлдвэрлэж буй барилгын материалыг төсөл, хөтөлбөртөө хэрэглэх байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, стандарт орон сууцны чанарын жишгийг тогтооход ихээхэн анхаарлаа. Тиймээс бид үүргээ биелүүлсэн гэж ойлгож болно. Мэдээж энэ ажил маань дуусах болоогүй. Харин зорилгодоо хүрэхийн тулд бид хөгжлийнхөө стратегийг богино, дунд, урт хугацаанд төлөвлөн гурван гол чиглэлд хуваан ажлаа эхлүүлээд байгаа.

-Нууц биш бол ямар гурван чиглэлд анхаарч ажиллах вэ?

-Нэгдүгээрт, бид дэд бүтцийн томоохон төслүүд буюу МЕГА төслүүдэд чиглэсэн бодлого баримтлан ажиллаж байна. Олон улсын болон бүс нутаг, улс орны хэмжээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд тэргүүлэх байр суурьтайгаар оролцох нь ганц ҮББК-д бус нийт монголчууд, Монгол Улсад тустай. Монгол Улсын стратегийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн төслүүд бий шүү дээ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, БНХАУ болон ОХУ-ыг холбох өндөр хурдны авто зам, Тавдугаар цахилгаан станц гээд томоохон төслүүдийг үндэсний корпораци, үндэсний ажиллах хүчээр барьж ашиглалтад оруулвал эргээд улс орондоо тусах ач тусыг нь өгүүлж барахгүй юм. Бусад чиглэлүүдийн хувьд нийтийн орон сууцны салбар, гэр хорооллын дахин төлөвлөлтөд шинэ үзэл баримтлал нэвтрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөгөө боловсруулаад байгаа.

-ҮББК нь “Буянт-Ухаа” төслүүдээрээ дамжуулан нийтийн орон сууцны салбарт үлгэр жишээ ажиллаж чадахаа харуулсан. Цаашид ямар ажлууд төлөвлөөд байна вэ?

-Олон улсын болон улс орны хэмжээнд хэрэгжүүлэх нийтийн орон сууц, иргэний барилгын төсөл хөтөлбөрт тэргүүлэх байр суурьтайгаар оролцох чиглэлийг бид орхигдуулахгүй. Үүнд, Засгийн газрын захиалагатай нийтийн орон сууцны төсөл, хөтөлбөр болон бусад хөрөнгө оруулагчдын үйлчилгээний барилгын төслүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн зэрэг иргэний барилга байгууламжийн төслүүдийг дурдаж болох юм. Түүнчлэн ҮББК нь хуучны угсармал орон сууцнуудыг дулаалан сайжруулах төслийг судлан, холбогдох аргачлалуудыг нэвтрүүлж эхлээд байна. Нийслэл Улаанбаатар хотын хүн амын 20 хувь нь 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцанд амьдардаг шүү дээ. Дээрх орон сууцууд хуучирч муудсанаас дулааны алдагдал ихэсч, иргэд амьдрахад хүндрэлтэй болоод байгаа.

-Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд ямар шинэлэг үзэл баримтлал санал болгож байгаа вэ?

-Бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бие даасан инженерийн дэд бүтэц бүхий хаус хорооллын төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх юм. Өмнө нь гэр хорооллыг дахин төлөвлөх олон төрлийн санал санаачлага гарсан ч төдийлөн нийтийг хамарч чадахгүй байсан. Эдгээр хөтөлбөрүүд эхнээсээ үр дүнгээ өгсөн л байх. Гэхдээ ҮББК-иас санаачилж буй төсөл нь иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт авч үздэгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачлага дээр суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн хангамжийн үйлчилгээг ойртуулан орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл, аюулгүй, тохилог орчин болон хөгжүүлэхэд чиглэсэн ашгийн бус нийгмийн төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр нийслэл болоод иргэдэд маш олон талын ач холбогдлыг бий болгоно. Улаанбаатар хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, иргэд эрүүл аюулгүй, тохилог, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж, газрын үнэ цэнийг бодитоор нэмэгдүүлэх болно. Дахин онцлон хэлэхэд, энэ бол төсөл биш, соёлын хувьсгалт өөрчлөлт. ИРГ ЭН-НИЙСЛЭЛ-ААН гэсэн гурван оролцогч бүхий иргэдийн амьдрах орчин, нөхцөл боломжийг сайжруулахад чиглэсэн хувьсгал байх болно. Орчин цагийн айл өрхийн ахуй хангамж, нийгмийн хэрэгцээ бүхий хотын соёлыг гэр хорооллын өрх бүрийн үүдэнд хүргэх юм. Айл бүрийг цахилгаан, дулаан, цэвэр усны хангамж, холбоо дохиолол, бохир ус зайлуулах инженерийн шугам сүлжээнд холбохдоо давхар төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулна. Ингэснээр гэр хорооллын өрх, хотын төвийн өрхийн амьдрах орчны ялгааг арилгаж, жинэхэн утгаараа соёлжсон Улаанбаатар хот бий болох юм. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын тулд ҮББК-ийн зүгээс гэр хорооллын айл өрхүүдийн дунд инженерийн шугам сүлжээг хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах үндсэн үүрэг бүхий “СЕРВИС ЦЕНТР”-ийг барина. “Сервис центр” нь олон улсад хэдийнэ туршигдсан арга.

-ҮББК-ийн эрхэмлэдэг гол зарчим юу вэ?

-Корпорацийг үүсгэн байгуулсан таван компани нь тус бүрийн байгууллагын соёл, удирлагын өөр өөр арга барил, туршлагад суурилж, төлөвшсөн хэдий ч улс орны хөгжил, бүтээн байгуулалтыг шинэ шатанд гаргахын төлөө нэгэн зүгт харж, зорилгоо нэгтгэж чадсан. Тиймээс бид хамтын ажиллагаа буюу “ЭВ НЭГДЭЛ”-ийг эрхэмлэдэг. Мөн бид нарийвчилсан судалгаанд суурилсан төлөвлөгөө, өндөр ур чадвар бүхий харилцаа, бизнесийн тогтсон соёл, өргөн цар хүрээтэй алсын хараа, зөв зохистой удирдлагыг бүрдүүлэн өрсөлдөх чадвар буюу “МАНЛАЙЛАЛ”-ыг хөгжүүлэх учиртай. Манай корпорацийн хувьд хөгжлийн давуу тал нь барилгын үйлдвэрлэлийн хурд, чанар учраас бид үүндээ тулгуурлан нийгэмд өөрийн гэсэн брэндийг бий болгохыг зорьж байна. Олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанар, төслийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, техник технологийн оновчтой шийдлийг дотооддоо нутагшуулан “ЧАНАР & СТАНДАРТ”-ыг эрхэмлэх нь бидний бусдаас ялгарах гол онцлог байх болно.
Мэдээж бид хүнээ дээдлэх бодлого буюу “АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА”-г баримтлан алхам бүрт аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зорьж байна. Эцэст нь нийгмийн хариуцлага буюу “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”-ийн бодлого. Корпорацийн зорьж буй алсын хараа, эрхэм зорилгод хүрэх, цаашид бизнесийн тогтовортой хөгжлийг ханган ажиллах нь байгууллага дотоод болон гадаад орчинд хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үндэс суурь болдог. Иймд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт оролцогч талуудын эрх ашгийг ижил төвшинд ханган компанийн үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг өсөн нэмэгдүүлэх зөв зохистой, байгальд ээлтэй, хэмнэлтэт технологи ашиглан бүтээмжийг дээшлүүлэх, ажилчдынхаа мэргэжлийн ур чадвар болон ажлын хариуцлага, бүтээлч чанарыг ахиулах нь байгууллагын тогтвортой, байнгын өсөлтийг бий болгоно гэж үзэж байна. ҮББК-ийн цаашдын зорилт нь зөвхөн Монгол Улсад хэрэгжих бүтээн байгуулалтаас гадна олон улсад хэрэгжих төслүүдэд монгол барилгачдын оролцоог бий болгоход чиглэж байна.

Эх сурвалж: “Барилга Хөгжил” сэтгүүл