МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Ерөнхийлөгчийн мэндчилгээ


"Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо"-ны цахим хуудсанд зочилж буй Эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Хүн төрөлхтний хөгжил дэвшлийг шинжлэх ухааны ололт дээр үндэслэн төлөвлөсөн барилга, хот байгуулалтгүйгээр төсөөлөх боломжгүй болжээ. Улаанбаатар хот хурдацтайгаар өөрчлөгдөн, өргөжин тэлж байгаа өнөө үед бид салбартаа төдийгүй улс орондоо бүтээл зүтгэлээрээ тод томруун ялгарах орчин үеийн удирдлага зохион байгуулалттай, тэргүүний техник технологитой, олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах чадамж бүхий барилгын гүйцэтгэгч байгууллагууд болохын төлөө чармайн ажиллах шаардлага тулгараад байгаа билээ.
Бид Дэлхийн жишигт нийцсэн барилгын гүйцэтгэгч байгууллагуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаас гадна гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж, тогтвортой найдвартай ажиллах орчныг бий болгохын төлөө ажиллах зорилготойгоор Монгол Улсын орчин цагийн барилгын салбарын 90 жилийн ойн босгон дээр барилга, дэд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд чуулж, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо /МБГБХ/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгууллаа.

Бид өөрсдийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадвараа сайжруулах эрмэлзлэл, идэвхи бүхий барилгын гүйцэтгэгч байгууллагууд, хувь хүн болон гадаад, дотоодын хуулийн этгээдүүд, аж ахуйн нэгж байгууллагууд, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ судалгаа, зураг төсвийн болон менежментийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байх болно.
Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны нийт гишүүд, дэмжигчид болон ард түмэндээ их бүтээн байгуулалтыг хамтдаа цогцлоохын төлөө атгасан гар шиг эвтэй байж, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!



ХҮНДЭТГЭСЭН,
Монгол Улсын Зөвлөх Инженер
Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны
Ерөнхийлөгч Цогтоожавын Эрдэнэбат