МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

"МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУУДЫН ХОЛБОО"-НЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ШААРДЛАГА

"Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоо" -ны (цаашид холбоо гэх) гишүүнчлэл нь жинхэнэ ба дэмжигч гишүүдээс бүрдэх бөгөөд Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын гишүүнчлэлтэй байна. Барилгын Гүйцэтгэгч Байгууллага гэдэг ойлголтод гэрээгээр ажил гүйцэтгэгч барилгын, барилгын цахилгаан сантехникийн, ландшафтын, дэд бүтэцийн барилга байгууламжийн, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг Аж Ахуйн Нэгжүүдийг (ААН) болон энэ чиглэлийн эрдэм шинжилгээ судалгаа, зураг төсвийн болон менежментийн байгууллагуудыг хамруулан ойлгоно. Мөн санхүүгийн хувьд дэмжигч дотоод, гадаадын иргэд, байгууллагууд гишүүнээр элсэж болно.

1.1 Холбооны дүрэмд тодорхойлсон зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хүлээн зөвшөөрсөн, дээр дурьдсан үйл ажиллагаа эрхлэн явуулдаг мэргэжилтэн, байгууллага нь сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэх ба гишүүнээр элсэхийг хүссэн албан бичиг, байгууллагын танилцуулга, гишүүнчлэлийн бүртгэлийн хуудас, захирлын хувийн анкет зэрэг материалуудыг бүрдүүлэн, гишүүнчлэлийн элсэлтийн хураамж болон жилийн татварыг төлсөн баримтын хамт Холбооны төв оффисд ирүүлнэ.

1.2 Холбооны дүрмийг зөвшөөрөн гишүүн болсноор, Холбооны дүрмийн 4.5 заалтын дагуу гишүүнчлэлийн татварыг заавал төлнө. Дансны дугаар: Голомт Банкны 2405108477, Хаан Банкны  5031903556 тоот данс

1.3 Жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүний татварын хэмжээг Удирдах Зөвлөлийн Хурлын (УЗХ) шийдвэрээр тогтоосон болно.
  • Элсэлтийн хураамж  2 000 000₮, жинхэнэ гишүүний жилийн татвар 
  • 1 000 000₮, дэмжигч гишүүний элсэлтийн хураамж болон жилийн татвар 500 000₮.

ХОЁР. ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА 

2.1 Холбооны жинхэнэ гишүүн дараах эрх эдэлнэ. Үүнд:
  • Холбооны Удирдах Зөвлөл болон Хяналтын Зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах;
  • Холбооны бүх гишүүдийн хуралд татвар төлсөн жинхэнэ гишүүн саналын нэг эрхтэйгээр оролцох;
  • Холбооны үйл ажиллагааны  хүрээний асуудлаар Холбооны УЗ, гүйцэтгэх албанд асуудал оруулах;
  • Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зохих итгэмжлэлийн дагуу Холбоог төлөөлөх, нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэх;
  • Холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг үнэ төлбөргүй авах ба холбооны санд байгаа ном хэвлэлийг тогтсон журмын дагуу ашиглах;
  • Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцах;
  • Холбооноос зохион байгуулсан хурал зөвлөгөөнд санал өгөх, батлах эрхтэйгээр оролцох;
  • Холбооноос ажил мэргэжил, үйл ажиллагаандаа дэмжлэг, туслалцаа авах, байгууллагынхаа үйл ажиллагааг холбооны хэвлэл мэдээлэл, вэб сайт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад дотоодод сурталчлах, хамтын ажиллагаандаа дэмжлэг авах;
  • Холбооны УЗ-ийн шийдвэрийн дагуу олон улсын болон бүсийн уулзалт хурал зөвлөгөөнд холбоог төлөөлөн оролцох;
  • Холбооноос Төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх аливаа төсөл хөтөлбөрт тэргүүн ээлжинд оролцох;
  • Холбооноос хэрэгжүүлж буй “Чанарын Нэгдсэн Удирдлага", "Төслийн Удирдлага", "Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй" гэх мэт төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах;
  • Холбооны сургалтын бүтэцээр  дамжуулан мэргэшсэн ажилтнууд, ИТА-наа бэлтгэн авах;

2.2 Холбооны дэмжигч гишүүн байгуулагууд дараах эрхийг эдлэнэ. Үүнд :
  • Холбооны удирдлага зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
  • Зохих итгэмжлэлийн дагуу Холбоог төлөөлөх, нэр билэг тэмдэгийг ашиглах
  • Холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг  авах;
  • Холбооны санд байгаа мэдээллийг зохих журмын дагуу хэрэглэх;
  • Холбооны үйл ажиллагаа болон Санхүүгийн тайлантай танилцах;
  • Холбооноос ажил мэргэжил болон үйл ажиллагаандаа дэмжлэг туслалцаа авах;
  • Холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах;
  • Холбооны сургалтын бүтэцээр  дамжуулан мэргэшсэн ажилтнууд, ИТА-наа бэлтгэн авах;
2.3 Холбооны гишүүн дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
  • Холбооны дүрмийг сахих, биелүүлэх;
  • Холбооны үйл ажиллагаа, шийдвэр, уриалгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох;
  • Холбооны гүйцэтгэх алба, түүний салбар нэгж, клуб, сангаас зохион байгуулсан өдөрлөг, семинар, сургалт, сурталчилгаа, судалгааны ажилд идэвх, санаачлагатай оролцох;
  • Гишүүний татварыг тухайн жилийн эхний улиралд багтаан төлөх;
  • Мэргэжлийн болон сахилгын, ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлан мэргэжлээрээ нэр төртэй ажил, үйлчилгээ эрхэлж, эдгээрийг зөрчсөн хүмүүс, байгууллагад шаардлага тавих, зохих газарт мэдэгдэх;
  • Холбооноос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх;
  • Мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлэх
  • Холбооны нэр, бэлгэ тэмдгийг буруугаар ашиглахгүй байх;
  • Мэргэжлийн болон технологийн хариуцлагын манай улсын болоод олон улсын норм норматив, стандартын баримт бичгийг мөрдөх ажлыг зохион байгуулах
  • Холбооноос чанарын удирдлагын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар гаргасан аливаа бодлогын баримт бичгүүдийн заалтуудыг биелүүлэн ажиллах чадамжийг байгууллагадаа бүрдүүлэх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх

ГУРАВ. ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ 

3.1 Холбооны гишүүнчлэл нь жинхэнэ ба дэмжигч гишүүдээс бүрдэх бөгөөд зөвхөн Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын гишүүнчлэлтэй байна. Холбооны  дүрмийг хүлээн зөвшөөрсөн, сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлээр элсэнэ.

3.2 Гишүүнээр элсэгч дараах материалыг бүрдүүлж, Холбооны  оффист ирүүлнэ.
  • Гишүүнээр элсэх албан бичиг/загварыг хавсаргав/
  • Байгууллагын танилцуулга, лого, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Гишүүнчлэлийн бүртгэлийн хуудас бөглөх /загварыг хавсаргав/
  • Захирлын хувийн анкет/загварыг хавсаргав/, цээжзураг /300dpi файлаар 5х7/, цахим үнэмлэхний хуулбар
  • Элсэлтийн хураамж , гишүүний жилийн татварыг   Голомт банкны 2405108477,  Хаан банкны  5031903556.  Холбооны дансанд тушаасан баримт
  • Гишүүнчлэлийн хамтран ажиллах гэрээ
  • /Гэрээг 2 хувь хэвлэн бөглөж, тамга, гарын үсгээр баталгаажуулан  Холбооны оффист хүргүүлнэ/
  •  Холбооны дүрэм, журмууд бусад мэдээллийг холбооны  www.macc.mn вэб сайтнаас  харах
3.3  Гишүүнээр элсэгч нь ангиллын дагуу жилийн татвараа төлсөн өдрөөс эхлэн Холбооны үйл ажиллагаанд оролцон, гишүүний эрхээ эдэлнэ.

3.4 Татварыг Холбооны банкны дансанд эсвэл бэлнээр төлж болно.

ДӨРӨВ. ГИШҮҮНЭЭС ЦУЦЛАГДАХ, СЭРГЭЭХ

4.1 Холбооны гишүүнчлэл дараах нөхцөлд цуцлагдана. Үүнд:
  • Гишүүн байгууллагын өөрийн санал хүсэлтээр
  • Холбооны дүрэм зөрчсөн, гишүүний үүргээ удаа дараа биелүүлээгүй нь  УЗ-өөр хэлэлцэж тогтоосон
  • Мэргэжлийн болон технологийн хариуцлагын, санхүүгийн хариуцлагын зөрчил гаргасан
  • Холбооноос олгосон аливаа боломж болон эрхийг буруугаар ашигласан
  • Холбооны бодлого чиглэл ба гишүүдийн нийтийн эрх ашигт нийцсэн аливаа үйл ажиллагааны эсрэг үйлдэл болон эс үйлдэл гаргасан
4.2  Холбооны гишүүнээс цуцлагдвал тухайн гишүүний төлсөн татвар, хандивын буцаан олгохгүй.

ТАВ. ГИШҮҮНЧЛЭЛИЙН ДАВУУ ТАЛ

5.1 Төр, засгийн байгууллагуудад салбарын болон гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалуулах чиглэлээр  Холбооноос явуулж буй үйл ажиллагаанд санал дүгнэлтээ өгөх, оролцох боломжоор хангагдах;

5.2 Монголын бизнесийн орчны талаарх мэдээ, төрөөс хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн мэдээ, мэдээлэлийг хамгийн түрүүнд авах мөн түүнд оролцох;

5.3 Хамтын ажиллагаатай гадаадын холбоодын хамтын ажиллагааны саналууд, Холбооноос  зохион байгуулж байгаа уулзалт, семинар, дугуй ширээний ярилцлага, үзэсгэлэн, арга хэмжээний мэдээллийг тогтмол авах, бизнес саналаа дотоодод болон гадаадад түгээх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах;

5.4  Холбооны  зарим үйлчилгээг электрон хэлбэрээр авах, Холбооны  www.macc.mn вэб хуудсанд байрлах гишүүн байгуууллагууд нэгдсэн электрон лавлахад байгууллага болон бизнесийнхээ мэдээлэлийг оруулах;

5.5 Холбооны гишvvдэд vзvvлдэг аливаа хєнгєлєлтvvдийг эдлэх, Холбооноос зохион байгуулах сургалт, хөтөлбөр, үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх, бизнес саналууд, хамтран ажиллах саналуудыг авах;

5.6  Холбооны дэргэдэх төв, сан, клубээр үйлчлүүлж, хуулийн болон техникийн зөвлөгөө мэдээлэл авах;

5.7  Олон улсын болон бүсийн уулзалт, хурал зөвлөгөөнд Холбоог төлөөлөх оролцох;

5.8 Холбооны номын сангаар үнэгүй үйлчлүүлэх;

5.9 Холбооны  дэргэдэх салбаруудад орох, бизнес эрхлэхэд учирч буй хvндрэл бэрхшээлээ шийдвэрлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой;

5.10 Заагдсан үйл ажиллагаанд хөнгөлөлт эдлэх;