МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО

Мэдээ, мэдээлэл

Б.ГАНЧИМЭГ: МОНГОЛЫН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ


2004 онд МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг хэрэглээний статистикч мэргэжлээр, 2007-2008 онд, Энэтхэг Улсын WIU Их сургууль, 2011 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн статистикч, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр өдгөө “Тоастмастерс Монгол” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, Боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг. Өмнө нь Үндэсний бүтээмж, хөгжлийн төвд бүтээмжийн мэргэжилтэн, Азийн бүтээмжийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч, ахлах мэргэжилтэн, гадаад харилцаа, төслийн менежерээр ажиллаж байх хугацаандаа үндэсний болон олон улсын хэмжээний сургалт семинар, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж Монгол Улсын үндэсний бүтээмж дээшлүүлэх үйлд багагүй хувь нэмрээ оруулсан туршлагатай нэгэн.

-Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны талаар танилцуулна уу?
-Улаанбаатар хот хурдацтайгаар өөрчлөгдөн, өргөжин тэлж байгаа өнөө үед бид салбартаа төдийгүй улс орондоо бүтээл зүтгэлээрээ тод томруун ялгарах орчин үеийн удирдлага зохион байгуулалттай, тэргүүний техник технологитой, олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах чадамж бүхий барилгын гүйцэтгэгч байгууллага болохын төлөө чармайн ажиллах шаардлага тулгараад байна. Монгол Улсын орчин цагийн барилгын салбарын 90 жилийн ойн босгон дээр барилга, дэд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч байгууллагуудын үүсгэл санаачлагаар, төрийн бус байгууллагын хууль тогтоомжийн дагуу өөрийгөө санхүүжүүлэн ажиллах, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг мэргэжлийн төрийн бус байгууллагыг байгууллаа. Холбооны үндсэн зорилго нь урт, дунд хугацаанд найдвартай ажлаар хангагдсан байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гишүүн байгууллагуудын компанийн засаглал, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, шинэ технологи, инноваци, ноу хау-г нэвтрүүлэх, нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх замаар гишүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулан олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүд дээр мэргэжлийн түвшинд оролцох чадамжийг бий болгоход тусална.

-Холбоо нь үйл ажиллагааны ямар үндсэн чиглэл баримтлан ажиллах вэ?
-Манай Улсын барилгын салбар эдийн засгийн нөхцөл байдлыг даган жил ирэх тутам илүү чадварлаг мэргэжилтэн, бүтээлч хандлагатай ажилтанг шаардах болов. Энэхүү хямралын хүнд үеийг даван туулах зорилтын хүрээнд салбарын удирдлагууд, инженер, техникийн ажилтны чадвар, чадамжийг дээшлүүлэх, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэх шаардлага тулгараад байна. Иймд холбоо нь юуны түрүүнд гишүүн байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад мэргэшүүлэх сургалт явуулахаас гадна удирдах ажилтан, менежерүүдэд зориулсан барилгын болон байгууллагын менежментийн тухай сургалтууд зохион байгуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулна. Мөн Монгол Улсын хөгжил, нийгэм эдийн засагт үр нөлөө үзүүлэхүйц барилга дэд бүтцийн мега төсөл хөтөлбөрүүд болон нийслэл, орон нутаг, хувийн хэвшил, донор байгууллагуудын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд гишүүн байгууллагуудыг нэн тэргүүн хамруулах, мэдээллээр хангах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Цаашдаа сургалтаас гадна өөр чиглэл, төсөл, хөтөлбөрт оролцох уу?
-Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой санал санаачлага гаргах мөн түүнчлэн Барилгын хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх дагаж мөрдөхтэй холбоотой гишүүн компаниудад танин мэдүүлэх сурталчилах ажлуудыг хийхээс гадна төрийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцогч байх чиглэл барьж ажиллах зорилттой байна. Энэ тал дээр дадлага туршлагатай мэргэжлийн баг хамт олон, экспертүүд, барилгын үйлдвэр дээр манлайлж яваа мэргэшсэн болон Монгол Улсын зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллах болно. Мөн Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын ололт амжилтыг олон нийтэд таниулах, сурталчилах, тэргүүн туршлагыг түгээх зорилготойгоор тэргүүн туршлагын сүлжээ байгуулах, Чанарын Удирдлагын Тогтолцоо, Төслийн Удирдлагын Тогтолцоо, Бүтээмж, чанар дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг гишүүн байгууллагуудын хүсэлтээр хэрэгжүүлнэ.

-Танай холбоо бусад ижил төрлийн байгууллагаас ялгарах онцлог, давуу тал?
-Дээр хэлсэнчлэн холбоо маань гишүүн байгууллагуудын тэргүүн туршлагын сүлжээг байгуулах, гишүүддээ мэдээллийн сангаар үйлчилэх үйл ажиллагааг явуулна. Мөн түүнчлэн Азийн болон бусад олон улсын контракторуудын холбоодтой нягт хамтран ажиллаж гишүүн байгууллагууддаа салбарын гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага судлах боломжийг бүрдүүлж өгөх тал дээр бусад холбоодоос илүү давуу талтай гэж үзэж байна.